Засгийн газар гол ус, ойн сав газарт олгосон 1782 лицензийг цуцална

Posted on November, 19 2010

Улсын хэмжээнд 4000 гаруй лиценз байгаагийн 1782 лиценз бүхэлдээ буюу давхацсан байдлаар цуцлагдана. Засгийн газрын шийдвэрээр эхний ээлжинд алтны шороон ордтой холбоотой 254 лицензийн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргалаа.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гол ус, ойн сав газарт лиценз эзэмшин олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан юм. Энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт” Өнгөрсөн жил гол усны сав газар болон ойн сав бүхий газруудад олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай хуулийг баталсан. Тухайн бүсэд лиценз эзэмшиж буй компаниудын судалгаа, холбогдох нөхөн төлбөрийг хэрхэн барагдуулах талаар Сангийн яамтай ярилцсан. Улсын хэмжээнд 4000 гаруй лиценз байгаагийн 1782 лиценз бүхэлдээ буюу давхацсан байдлаар цуцлагдана. Засгийн газрын шийдвэрээр эхний ээлжинд алтны шороон ордтой холбоотой 254 лицензийн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргалаа. Ингэснээр алтны шороон ордод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоно гэж ойлгож болно” хэмээн ярьжээ. Тэрээр мөн”Сэлэнгэ, Булган, Төв, Өвөрхангай, Дархан, Архангай, Баянхонгор, Хэнтий зэрэг аймагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын лицензийг цуцалж байгаа. Хамгийн том орд гэвэл Сэлэнгэ аймгийн Баянгол, Төмөртийн голын орд, Гацууртын Нарантолгой ордууд байна” гэв.Түүнчлэн” Гар аргаар алт олборлож байгаа хүмүүс өнөөдрийн байдлаар хууль бусаар олборлолт явуулж байгаа. Сая ашигт малтмалын тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орж сум орон нутагтайгаа зөвшилцөөд тодорхой газарт нөхөрлөлийн хэлбэрээр ажиллаж болохоор болсон. Энэ тохиолдолд гар аргаар алт олборлогчид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой” хэмээн ярьсан байна.
Эхний ээлжинд алтны шороон ордтой холбоотой 254 лицензийн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргалаа.
© google.mn