Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран 2009 оны хоёрдугаар сарын 3-нд тус уулзалтыг зохион байгууллаа.
Тусгай зориулалттай агнуурын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн тус уулзалтад холбогдох байгууллагуудын нийт 100 орчим төлөөлөгч оролцлоо.
Энэхүү уулзалтыг зохион байгуулах болсон үндэслэл:
Манай улс 1967 оноос эхлэн гадаадын анчдад тусгай зориулалтаар ховор амьтдыг агнах, барих олзворын чиглэлийн аялалыг эрхэлжээ. Монгол улс тусгай зориулалтын ангийн олзвороос, ялангуяа угалз, тэх, шонхор шувуу ашигласнаас жил бүр улс, орон нутгийн төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг боловч тухайн амьтны бэлчээр нутагт учирж байгаа аюул дарамтыг бууруулах, судлан шинжлэх, нөөцийг тогтвортой байлгах ажил хангалтгүй хийгдэж байна. Энэ нь тусгай зориулалтын агнууртай холбогдолтой одоогийн мөрдөж байгаа бодлогын үзэл баримтлал, тухайн зүйл амьтны нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглах зарчимтай нийцэхгүй байгаатай шууд холбоотой юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд орсон 2005 оны нэмэлт өөрчлөлтөөр байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөл тухайн нутаг дэвсгэртээ байгаа байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, үүнд амьтан, ургамал, ойн нөөцийг гэрээгээр зохистой эзэмших, ашиглах хуулийн орчин бүрдсэн боловч одоогоор агнуурын амьтдын нөөцийг зохистой ашиглах, хамгаалах эрхзүйн орчин хангалтгүй байна.
Хэрэв ховор амьтдын тусгай зориулалтын агнуурын бодлого, үүнээс олж байгаа хөрөнгийн зарцуулалт нь энэ байдлаар цаашид үргэлжилбэл агнуурын ховор амьтдын нөөц улам бүр багасаж, улмаар уг амьтан устах аюул нүүрлэхэд хүрээд байна. Ховор амьтдын тусгай зориулалтын агнуурын нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой байлгахад зөвхөн агнууртай холбоотой асуудлыг шийдсэнээр энэ асуудал нааштайгаар эргэхгүй. Тиймээс тусгай зориулалтын ангийн нөөц, ан агнуурын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох цогц арга хэмжээ авах шаардлагатай байна.
Үүний тулд оролцогч талуудыг хамруулсан гурван үе шаттай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсний анхдугаар нь дээрх уулзалт юм. Анхдугаар уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС, Спорт чиглэлийн агнуурын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгаль орчны төрийн бус байгууллага, төсөл, хөтөлбөрийн газар, тусгай зөвшөөрлийн агнуур хийгддэг зарим аймгийн төлөөллүүд хүрэлцэн ирлээ.
Оролцогч бүх талуудыг хамруулан тусгай зориулалтын агнуурын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж, судалгаа мониторинг, квот тогтоох, зөвшөөрлийг хуваарилах, агнуурын ховор амьтныг агнуулсан төлбөрийн орлого, хураамжийн хөрөнгийн зарцуулалт, нутгийн иргэдэд түшиглэсэн зэрлэг амьтны менежмент гэсэн чиглэлээр цаашид нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэр гаргагчдад танилцуулах зорилгоор зохион байгуулж буй энэхүү уулзалтуудын дараагийн
- 2009 оны 02 дугаар сарын 11-нд ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт. Хоёр дахь удаагийн уулзалтанд ажлын хэсэгт сонгогдсон хүмүүс оролцоно.
- 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлын хэсгийн үр дүнг шийдвэр гаргах түвшинд танилцуулах уулзалт.
Оролцогч талуудын саналыг доорх хаягаар байнга хүлээн авч байна
info@wwf.mn