Цоохор ирвэс хамгаалах өдрийг Улаанбаатарт тэмдэглэлээ | WWF

Цоохор ирвэс хамгаалах өдрийг Улаанбаатарт тэмдэглэлээ

Posted on 22 October 2018    
Өдөрлөгийн үеэр флаш моб буюу хөдөлгөөнт дасгал, урлагийн үзүүлбэр, багаараа Ирвэст илгээх ил захидал бичих, frame ашиглан зургаа авахуулах, булангуудад зочлох, ховор амьтан, ургамлын талаархи “АХА” тэмцээн зэрэг сонирхолтой олон арга хэмжээ болсон юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон “ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ БИШКЕКИЙН ТУНХАГЛАЛ”-ыг 2013 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хэлэлцэн баталж жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх, экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг 2013 оноос эхлэн Монголд тэмдэглэж байна.     
Энэ жил Цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч янгир, хойлог, тарвага, огдой зэрэг амьтдыг, цаашилбал ирвэсийн эх нутгийг хамгаалах асуудлыг олон нийтэд таниулах зорилгоор Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүд  болон эдгээр аймгийн сумдад 2018 оны 10-р сарын 23-нд зохион байгуулах юм.
Үүний эхлэл болгож Улаанбаатар хотод өнгөрсөн бямба гаригт цоохор ирвэс хамгаалах өдрийг тэмдэглэлээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, “Ногоон паспорт” эзэмшигч сурагчдын дунд “БИД ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН” уриан дор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэв. Өдөрлөгийн үеэр флаш моб буюу хөдөлгөөнт дасгал, урлагийн үзүүлбэр, багаараа Ирвэст илгээх ил захидал бичих, frame ашиглан зургаа авахуулах, булангуудад зочлох, ховор амьтан, ургамлын талаархи “АХА” тэмцээн зэрэг сонирхолтой олон арга хэмжээ болсон юм.  Түүнчлэн өдөрлөгт амжилттай оролцсон сургуулийн сурагчдыг тодорхой мөнгөн дүн бүхий төсөл хэрэгжүүлэх эрхээр шагналаа.                      
Цоохор ирвэсийн тухай товчхон:  
-Монгол улс  800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг.
-Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг.
-Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой. 
-Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг.
-Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг.
-Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг.
-14 метр хүртэл хол үсрэх чадвартай.
-Цоохор ирвэс 10-13 жил насалдаг.
-Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг.
-Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг.
-Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог.
-Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг.
-Цоохор ирвэс хүн рүү дайрдаггүй.
-Цоохор ирвэс өндөр уулын экосистемийн эрүүл байдлыг хадгалагч гол амьтан.      
 
 
Өдөрлөгийн үеэр флаш моб буюу хөдөлгөөнт дасгал, урлагийн үзүүлбэр, багаараа Ирвэст илгээх ил захидал бичих, frame ашиглан зургаа авахуулах, булангуудад зочлох, ховор амьтан, ургамлын талаархи “АХА” тэмцээн зэрэг сонирхолтой олон арга хэмжээ болсон юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Флаш моб хийв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required