“Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад хоёр тэрбумыг зарцуулжээ | WWF

“Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад хоёр тэрбумыг зарцуулжээ

Posted on 05 October 2018    
Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймаг, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид, судлаачид оролцсон нь “Говийн гайхамшигт 6” жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаагийн нотолгоо болж байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг  экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6” хэмээх  арга хэмжээг санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна. 
Санаачлагад нэгдсэн талууд жил бүр уулзаж эдгээр амьтдыг хамгаалах талаар хийх ажлаа төлөвлөдөг болоод байна. Үүний ачаар “Говийн гайхамшигт 6” амьтан тодорхой хэмжээгээр хамгаалалтад ороод байгаа юм. 
Анх 2016 онд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт зохион байгуулсан бол хоёр дахь уулзалтыг 2017 онд Монголын 33 говийн нэг болох Захуй Зармангийн говьд байх Баянтоорой тосгонд зохион байгуулсан юм. 2018 оны арга хэмжээ 10 сарын 1-2-нд Баянхонгор аймаг дахь Эхийн голын баянбүрдэд  амжилттай боллоо.
Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь зэрэг  аймаг,  байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид, судлаачид   оролцсон нь  “Говийн гайхамшигт 6” жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаагийн нотолгоо болж байна. Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээний үеэр талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар энэ онд ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцсэн юм.
“Говийн гайхамшигт 6”-г Зохицуулах зөвлөл
Өнгөрсөн жилийн уулзалтын үеэр гаргасан “Баянтооройн тунхаг”-т “Говийн гайхамшигт 6” санаачлагыг идэвхжүүлэх, талуудын үйл ажиллагааг зангидах, нэгтгэх, хөрөнгө санхүүжилт босгох үүрэг бүхий Зохицуулах Зөвлөл байгуулахаар тусгасан  билээ. Тэгвэл Зохицуулах Зөвлөлийг энэ оны дөрөвдүгээр сард албан ёсоор байгуулжээ. 2018 оны Баянхонгорын уулзалтын үеэр Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг танилцуулав.  
Зохицуулах зөвлөл нь оролцогч талуудын  болон бизнесийн салбар, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл багтсан 15 хүртэл сондгой тооны гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм. Зохицуулах зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын үүргийг оролцогч аймгууд тойрог байдлаар ээлжлэн нэг жилийн хугацаатай хариуцан гүйцэтгэх бөгөөд эхний удаа Говь-Алтай аймаг даргалжээ. 
Энэ жилийн онцлог
Арга хэмжээний үеэр амьтан тус бүрийг танилцуулсан сурталчилгааны гэр ажиллаж, амьтдын гарал үүсэл, тоо толгой, хамгаалах чиглэлээр хийж буй ажил, тулгарч буй аюул зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.  Талууд энэ жил  “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах тал дээр идэвхи зүтгэлтэй ажиллаж нийт хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Үүнд, мониторинг судалгаа болон зэрлэг амьтдад зориулсан  худаг гаргах, булаг хашиж хамгаалах, биотехникийн арга хэмжээ зэрэг амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр хийсэн олон ажил орж байгаа юм. Мөн хууль бус агнууртай тэмцэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийжээ. Жишээлбэл, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Дэд зөвлөлийг Говь-Алтай аймагт байгуулсан байна. Хэдийгээр хамгааллын ажилд тодорхой ахиц гарч байгаа ч анхаарвал зохих асуудал цөөнгүй байгааг оролцогчид хүлээн зөвшөөрч байсан юм. Ялангуяа хуулийн хэрэгжилтэд бүх талууд анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байгаа ажээ.   
 “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад санхүүгийн тогтвортой эх үүсвэр шаардлагатай бөгөөд энэ хүрээнд тусгай сан байгуулахаар ярилцаж Баянхонгор аймгийн зүгээс 50 сая төгрөг гаргахаар болсон байна. Бусад талууд ч энэ санд хөрөнгө төвлөрүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.       
“Говийн гайхамшигт 6” амьтан
Говийн зургаан амьтан  тус бүрдээ экосистемдээ гүйцэтгэх  үүрэгтэй. Тухайлбал, хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг туурайгаараа ухаж ус гарган бусад амьтдыг ундаалах боломжийг нээдэг учир “хулангийн цавчаал” гэж нэрлэжээ. Харин хууль агнуур, уул уурхайн үйл ажиллагааны улмаас хулангийн амьдрах орчин хуваагдаж, өөр  нутаг руу дайжих болсон юм.  
Монгол бөхөн сүрэглэж бөөнөөр явдаг нь бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан хөрсийг сийрэгжүүлж, хорголоороо говь, цөлийн хөрсийг борддог ач тустай амьтан юм. Заналхийлж буй аюул нь мөн л хууль бус агнуур.
Хар сүүлтийг үзэсгэлэнт гэж тодотгосон нь мөн л учиртай. Бусад амьтдаа бодвол хамгийн үзэсгэлэнтэй, цэвэрхэн учир ийм гоёмсог нэртэй болжээ. Хар сүүлтийд хууль бус агнуур мөн л заналхийлнэ.
Тахь эдүгээ зөвхөн Монголд л зэрлэг байгальд бэлчиж яваа ховор амьтан. Тахийг харах гэж жилд олон мянган жуулчин Монголд ирдэг.
Хавтгай бол сүр жавхаа ихтэй, үнэхээр л говийн гайхамшигт амьтан.  Цөөхөн хэд үлдсэн мазаалай ч  говийн гайхамшгийн нэг билээ.
 
 
 
 
Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь зэрэг аймаг, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид, судлаачид оролцсон нь “Говийн гайхамшигт 6” жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаагийн нотолгоо болж байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Эхийн гол
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Говийн гайхамшиг-монгол бөхөн
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Арга хэмжээний үеэр амьтан тус бүрийг танилцуулсан сурталчилгааны гэр ажиллаж, амьтдын гарал үүсэл, тоо толгой, хамгаалах чиглэлээр хийж буй ажил, тулгарч буй аюул зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required