Морьтон залуус монгол бөхөн хамгаалалд оролцож байна | WWF

Морьтон залуус монгол бөхөн хамгаалалд оролцож байна

Posted on 24 September 2018    
Зохион байгуулагчдын ярьснаар морьтой 40 залуу аянд нэгдсэн бөгөөд тэд бөхөнгийн тархац нутагт амьдардаг 228 өрхийн 500 гаруй малчидтай уулзаж бэлчээр, монгол бөхөнгийн үнэ цэнийн талаархи танилцуулга тараажээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Энэ жил  Алтай-Соёны бүсийн ихэнхи нутгаар  бэлчээрийн гарц муу, өвөл цас их орж хүйтрэх төлөвтэй байгаа нь монгол бөхөн идэш тэжээлийн хомсдолд орж  тоо толгой нь улам цөөрөх аюул ойрхон байна. Тэр тусмаа монгол бөхөнгийн тархац нутагт малчид олноороо нутаглаж байгаа нь бэлчээрийн хомсдол үүсгэж зэрлэг амьтан ч, гэрийн мал ч идэш тэжээлгүй болох магадлалтай байгаа юм. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газар бэлчээрээ хэрхэн зохистой ашиглах талаар малчдын сэтгэгдлийг сонсох, малчдад монгол бөхөнгийн үнэ цэнийг сурталчлах зорилгоор “Морьтон залуус” явуулын аяныг 2018 оны есдүгээр сарын 20-23-нд зохион байгууллаа. Анх удаагаа зохиосон энэ аян онцлогтой байлаа. Учир нь, аянд малчин болон төрийн албан хаагчдаас бүрдсэн залуус оролцсон бөгөөд тэд зөвхөн морь хөлөглөж явуулын сурталчилгаа хийсэн юм. Зохион байгуулагчдын ярьснаар морьтой 40 залуу аянд нэгдсэн бөгөөд тэд бөхөнгийн тархац нутагт амьдардаг 228 өрхийн 500 гаруй малчидтай уулзаж бэлчээр, монгол бөхөнгийн үнэ цэнийн талаархи танилцуулга тараажээ.
Малчид ”Энэ жил монгол бөхөн их цөөхөн, хааяахан ганц нэгээрээ л тааралдаж байна. Арай ч ингэж ховорддоггүй юмсан. Өвс багатай, энэ өвөл хэцүүхэн л болох байхдаа” гэж ярьж байлаа. Түүнчлэн бэлчээрийн талаар ч санал бодлоо хуваалцжээ. ” Бэлчээрийг хуваарьтай ашигладаг болох хэрэгтэй. Энд эрх зүйн зохицуулалт дутагдаж байна. Олон малтай байхын оронд чанартай цөөн малтай байх нь эдийн засгийн хувьд ч, бэлчээрийн даацад ч хэрэгтэй. Малын хөлийн татвар авахад ч болохгүй зүйлгүй. Бэлчээргүй бол мал, зэрлэг амьтад ч идэш тэжээлгүй болно шүү дээ” гэж малчид санал нэгтэй хэлж байв. Аянд оролцогчид ажлаа дүгнэн цаашид хийх ажлын төлөвлөгөө гаргажээ. Үүнд, зэрлэг амьтдын  хууль бус агнуур болон амьдрах орчны тандалт судалгаа хийх, амьтдын үнэ цэнийг сурталчилах зэрэг цөөнгүй ажил оржээ.  
Сүүлийн хоёр жилд бог малын мялзан өвчин,  идэш тэжээлийн хомсдол, их хүйтрэлийн улмаас монгол бөхөн хорогдож 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар ердөө 3000 хүрэхгүй үлджээ. Уг нь 2014 оны байдлаар монгол бөхөнгийн тоо толгой 14 мянгад хүрч, тархац нутгаа тэлж байв. Тухайлбал, түүхэн тархац нутаг болох Увс аймгийн Завхан сумын нутагт Монгол бөхөн байнга байрших болсон юм. Харамсалтай нь, 2016 оны сүүлээр дэгдсэн бог малын мялзан өвчний улмаас тоо толгой нь эрс цөөрч эхэлсэн  юм. Хэдийгээр өвчний тархалт зогссон боловч 2017, 2018 онд жил дараалан үргэлжилж буй ган, зуд, идэш тэжээлийн хомсдол монгол бөхөнгийн тоо толгой цөөрөх шалтгаан болсоор байна. 
 
 
Зохион байгуулагчдын ярьснаар морьтой 40 залуу аянд нэгдсэн бөгөөд тэд бөхөнгийн тархац нутагт амьдардаг 228 өрхийн 500 гаруй малчидтай уулзаж бэлчээр, монгол бөхөнгийн үнэ цэнийн талаархи танилцуулга тараажээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Түүнчлэн бэлчээрийн талаар ч санал бодлоо хуваалцжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Монгол бөхөнгийн тархац нутагт малчид олноороо нутаглаж байгаа нь бэлчээрийн хомсдол үүсгэж зэрлэг амьтан ч, гэрийн мал ч идэш тэжээлгүй болох магадлалтай байгаа юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required