Хог хаягдал бууруулах аян амжилттай үргэлжилж байна | WWF

Хог хаягдал бууруулах аян амжилттай үргэлжилж байна

Posted on 08 May 2018    
Түүнчлэн хог хаягдал ашиглаж хийсэн бүтээлээр эко клубууд үзэсгэлэн гаргасан нь иргэдийн сонирхлыг ихэд татсан бөгөөд хог хаягдал бага гаргаж, байгальдаа ээлтэй амьдрах хэрэгтэй гэдэг дээр олонхи нь санал нэгдэж байлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар эко клубын үйл ажиллагааг дэмжих замаар хүүхдүүдийг байгаль хамгаалах ажилд татан оролцуулдаг. Энэ ажлын хүрээнд экоклубын сурагчдын санаачилсан Хог хаягдал бууруулах сарын аяныг дэмжиж хамтран зохион байгууллаа. Энэ удаагийн аянд Говь-Алтай аймгийн монгол бөхөн байршдаг долоон сум, мөн Ховд аймгийн хоёр сумын эко клубын сурагчид оролцсон юм. Экоклубын сурагчид нэг сарын хугацаанд өөрсдийн сургууль дээр хог хаягдлыг хэрхэн бууруулах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулав. Аяныг дүгнэх уулзалтыг Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд зохион байгууллаа. Уулзалтаар  экоклубын сурагчид аяны хүрээнд ямар ажил хийсэн, ололт амжилт юу байсан, цаашид юу хийвэл илүү үр дүнд хүрэх талаар харилцан ярилцсан юм. 
Аяны хүрээнд сурагчид 7 хоног бүрийн баасан гарагт сургуулиудаас гарсан хогийг жинлэж үзсэн бөгөөд нийтдээ 627 кг хог гарсан байна. Ангилалт хийж үзэхэд дийлэнх хувийг нь цаас эзэлж байсан бөгөөд энэ талаархи ухуулга сурталчилгааг сурагчдын дунд хийжээ. Түүнчлэн хог хаягдал ашиглаж хийсэн бүтээлээр эко клубууд үзэсгэлэн гаргасан нь иргэдийн сонирхлыг ихэд татсан бөгөөд хог хаягдал бага гаргаж, байгальдаа ээлтэй амьдрах  хэрэгтэй гэдэг дээр олонхи нь санал нэгдэж байлаа.      
Аяны хүрээнд зөвхөн хог хаягдлын тухай яриа өрнөсөнгүй, бүтээлч олон ажлыг экоклубын хүүхдүүд хийжээ. Говь-Алтай аймгийн Баян Уул сумын экоклубынхан  сурагчдын дотуур байрны улайсдаг гэрлийг тогонд хэмнэлттэй сүүн чийдэнгээр солих бүтээлч ажил өрнүүлсэн нь  амжилтад хүрлээ. Дотуур байр 68 улайсдаг гэрэлтэй бөгөөд “1 эко клуб-8 сүүн гэрэл” уриалга гаргасан нь олонхийн дэмжлэг авч  уулзалтад оролцохоор ирсэн 9 эко клубын гишүүд 72 сүүн чийдэн авчирч дотуур байрны улайсдаг гэрлийг сүүн чийдэнгээр сольсон юм. Ингэснээр сургуулийн эрчим хүчний хэрэглээг тодорхой хэмжээгээр бууруулж чадлаа. Зохион байгуулагчдын ярьснаар аяны үр дүнд сурагчдын дадалд эерэг өөрчлөлт гарч хогийг ил задгай хаях нь эрс багассан байна. Сурагчдын дэмжлэгийг хүлээж байгаа учир Хог хаягдал бууруулах аяныг 2018 оны зургадугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр болжээ.   
 
Түүнчлэн хог хаягдал ашиглаж хийсэн бүтээлээр эко клубууд үзэсгэлэн гаргасан нь иргэдийн сонирхлыг ихэд татсан бөгөөд хог хаягдал бага гаргаж, байгальдаа ээлтэй амьдрах хэрэгтэй гэдэг дээр олонхи нь санал нэгдэж байлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Зохион байгуулагчдын ярьснаар аяны үр дүнд сурагчдын дадалд эерэг өөрчлөлт гарч хогийг ил задгай хаях нь эрс багассан байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Subscribe to our mailing list

* indicates required