“Говийн гайхамшигт 6”-г ингэж хамгаалах боллоо | WWF

“Говийн гайхамшигт 6”-г ингэж хамгаалах боллоо

Posted on
07 November 2018
“Говийн гайхамшигт зургаа” санаачлагын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Хамтрагч Талуудын гуравдугаар зөвлөгөөнд оролцогсод Бид:
Дэлхийн хэмжээнд нэн ховор, ховор зүйл болох хавтгай, мазаалай, хулан, тахь, Монгол бөхөн, хар сүүлтий гэсэн зургаан амьтдын цогц хамгаалал нь Монголын говь цөлийн экосистемийг цогцоор хамгаалах боломж бүрдүүлж буйг онцлон,
Хүний хүчин зүйл, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүдэлтэй зэрлэг амьтдын амьдрах орчны тасархайтал, хумигдал, хомсдол нь Монголын говийн ховор амьтдыг үр хойчдоо үлдээх ирээдүйг бүрхэгдүүлж буйг тэмдэглэж,
Говийн гайхамшигт зургаан амьтдын амьдрах орчин цөл, цөлөрхөг хээрийн бүсийн 23.4 хувь нь улсын тусгай хамгаалалтад орсон хэдий ч энэхүү өвөрмөц экосистем хүний нөлөөнд өртсөөр байгааг анхааран,
Сүүлийн 40 жилд дэлхийн зэрлэг амьтдын 52 хувь нь хорогдож үгүй болсны гол шалтгаан нь хууль бус агнуур, амьтны эд эрхтний хууль бус худалдаа болохыг дурдан,
Зэрлэг амьтны хууль бус агнуур, худалдаа нь хамрах цар хүрээ, аюул заналын хувьд  зэвсгийн наймаа, хүн худалдаалах гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис худалдаалах гэмт хэргээс дутахгүй хор хөнөөл учруулж буйг сэрэмжлүүлэн,
Говь, цөлийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, зэрлэг амьтны хамгаалал ялангуяа хил дамнасан хамгааллын ажилд талуудын хүчин чармайлт, хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон,
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч,
“Говийн гайхамшигт зургаа” санаачлага олон нийтийн анхаарлын төвд орж талуудын оролцоо нэмэгдэн “Зохицуулах зөвлөл” байгуулагдан ажиллаж байгааг сайшаан,
Зохицуулах зөвлөлөөр дамжуулан “Говийн гайхамшигт зургаа” болон түүний амьдрах орчинг хамгаалах, зохистой ашиглахад хөрөнгө санхүүжилтийн арга, механизм шаардлагатай болохыг тэмдэглэн,
“Тахийн талын тунхаг”, “Баянтооройн тунхаг” бичигт төлөвлөсөн үйл ажиллагааг талууд идэвхи зүтгэлтэйгээр хэрэгжүүлснийг цохон тэмдэглэж,
Алтайн Өвөр Говийн Эхийн голын баянбүрдэд зохион байгуулсан “Говийн гайхамшигт зургаа” III зөвлөгөөнөөс “Эхийн голын тунхаг” бичгийг үйлдэж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохиров. Үүнд:
-“Говийн гайхамшигт зургаа” санаачлагын хүрээнд төлөвлөгдсөн хамгааллын үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг төвлөрүүлэх, ил тод, нээлттэй санхүүжүүлэх зарчим бүхий итгэмжлэгдсэн сан буюу түүнтэй төстэй санхүүгийн механизм бүрдүүлэх,
-“Говийн гайхамшигт зургаа” санаачлагын итгэмжлэгдсэн сан/санхүүжүүлэх механизмд аймаг бүр жилд 50 сая төгрөгийг оруулах Баянхонгор аймгийн санаачлагыг талархан хүлээн авч сан үүсгэх, бусад аймаг, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийг уриалан дуудах,
-Амьтан, ургамлын зүй бус ашиглалт ялангуяа амьтны хууль бус агнуур, худалдааг бууруулах, таслан зогсооход чиглэсэн талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон нийтийн мэдлэг боловсролыг сайжруулах, холбогдох хууль хүчний байгууллагуудын боловсон хүчнийг чадавхжуулах, уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан бий болгох,
-“Экологийн цагдаа” санаачлагыг нутгийн иргэд, сайн дурын байгаль хамгаалагчдын сүлжээг түшиглэн байгуулах ажлыг эрчимжүүлэх,
-“Говийн гайхамшигт зургаа” амьтны чухал, цөм амьдрах орчныг хамгаалах, нөхөн сэргээх ялангуяа Эхийн голын баянбүрдийг хүн, малын нөлөөнөөс ангижруулах эхний алхам болгож “Эхийн гол”-н цаг уурын станцыг бүрэн автоматжуулахыг БОАЖЯ-ны зүгээс дэмжих,
-Байгаль хамгаалагчдын хариуцан хамгаалах талбайн норм, нормативыг эргэн харах, байгаль хамгаалагчдын тоог нэмэгдүүлэх, зардлыг аймаг орон нутгаас шийдвэрлэх боломжийг судлах,
-Булаг уст цэг, нарны энергийн өргүүртэй худаг гаргах, сэргээн засварлах, мониторинг хийж үр дүнг тооцох ажлыг 7 газарт гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж буй Прагийн амьтны хүрээлэн, Мазаалай хамгаалах санд талархал илэрхийлэх, бусад талуудад уриалах,
-Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн лиценз олголтыг эргэн харах, хяналтыг сайжруулах, олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах,
-Хилийн зурвас газарт зэрлэг амьтдын шилжилт, хөдөлгөөний мониторинг болон байгаль хамгааллын бусад үйл ажиллагааг гүйцэтгэхэд хил хамгаалах ерөнхий газартай нягт хамтран ажиллах, дараагийн зөвлөгөөнд хилийн цэргийн байгууллагыг татан оролцуулах,
-“Говийн гайхамшигт зургаа” амьтны чухал, цөм амьдрах орчинд учирч болзошгүй цаг агаарын хүндрэл, бэрхшээлийг урьдчилан тооцож, хүн, малаас үзүүлэх нэмэлт дарамтыг бууруулах, нэн шаардлагатай тохиолдолд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх хөрөнгө, зардлыг улс, орон нутгийн төсөвт тусгах,
-Хавтгай тэмээ, монгол бөхөнг сэргээн нутагшуулах, тусгаар популяци бий болгох тухай менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бодлогын дэмжлэг үзүүлэх,
-Хавтгай тэмээ, мазаалай баавгайн нүүдэл, шилжилт  хөдөлгөөнийг хангах зорилго бүхий хил дамнасан ТХГН байгуулах асуудлыг судлах, холбогдох байгууллагад уламжлах,
-“Говийн гайхамшигт зургаа” санаачлагыг идэвхжүүлэх, олон талын тэгш оролцоог бий болгох, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой “Зохицуулах зөвлөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр бүх талууд санал нэгтэйгээр батламжлав. 
Зөвлөгөөнд оролцогсод
Эхийн гол
2018 оны 10 дугаар сарын 02